Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 8
Luke MonKJV 8:1  Тэгээд дараа нь ийм явдал болжээ. Тэрбээр Шүтээний хаанчлалын тухай номлож бас сайн мэдээг нь тунхаглаж, хот ба тосгон бүрээр явав. Тэгэхэд түүнтэй хамт мөнөөх арван хоёр
Luke MonKJV 8:2  бас чөтгөрүүд болон өвчин эмгэгээсээ эдгэрсэн хэдэн эмэгтэй байв. Тэдгээр нь биеэс нь долоон чөтгөр гарч явсан Магдалиний гэгддэг Марийа,
Luke MonKJV 8:3  бас Ироодисийн даамал Хузаасын эхнэр Иоанна мөн Сусаанна болон түүнд өөрсдийн хөрөнгөөр үйлчилж байсан өөр олон эмэгтэй юм.
Luke MonKJV 8:4  Тэгээд олон хүн хот бүрээс цуглараад улмаар түүн дээр ирэхэд тэр зүйрлэлээр ярьж,
Luke MonKJV 8:5  Үр цацагч үрээ цацахаар явжээ. Тэгээд тэр цацахад зарим нь замаар унав. Улмаар гишгэгдэж мөн тэнгэрийн шувууд тэдгээрийг иджээ.
Luke MonKJV 8:6  Мөн зарим нь хадан дээр унав. Тэгээд чийг дутагдсан учраас соёолонгуутаа хатлаа.
Luke MonKJV 8:7  Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд хамт ургаж, тэдгээрийг боомилжээ.
Luke MonKJV 8:8  Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар ургаад, зуу дахин их жимс гаргав гэлээ. Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлээд, Сонсох чихтэй нь сонсогтун гэж хашгирлаа.
Luke MonKJV 8:9  Тэгтэл шавь нар нь, Энэ зүйрлэл юу байж болох вэ? гэж түүнээс асуув.
Luke MonKJV 8:10  Тэгэхэд нь тэр, Шүтээний хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн. Харин бусдад зүйрлэлүүдээр байгаа нь тэд харж байгаа ч харахгүй мөн сонсож байгаа ч ойлгохгүйн тулд юм.
Luke MonKJV 8:11  Эдүгээ энэ зүйрлэл нь ийм юм. Үр бол Шүтээний үг.
Luke MonKJV 8:12  Харин зам дээр эдгээртэй нь сонсдог тэд юм. Тэгэхэд элээ ирж, тэднийг итгүүлж авруулахгүйн тулд зүрх сэтгэлээс нь үгийг авдаг.
Luke MonKJV 8:13  Харин хадан дээр эдгээртэй нь үгийг сонсчихоод, баяр хөөртэйгөөр хүлээн авдаг тэд юм. Тэгээд тэд үндэсгүй учир түр зуур итгээд, сорилтын үед орхидог.
Luke MonKJV 8:14  Харин өргөстэй бутнууд дунд унасан эдгээртэй нь сонсчихоод, явж улмаар амьдралын зовнилууд болон эд баялгууд мөн таашаалуудад боомилогдож, жимсээ гүйцэт болгодоггүй тэд юм.
Luke MonKJV 8:15  Харин сайн хөрсөнд унасан эдгээртэй нь үгийг сонсчихоод, шударга ба сайн зүрх сэтгэлдээ хадгалж улмаар тэвчээртэйгээр жимсэлдэг тэд юм.
Luke MonKJV 8:16  Хэн ч дэн асаагаад, үүнийгээ саваар халхалж эсвэл орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсэд гэрэл хараг гэсэндээ үүнийг дэнгийн суурин дээр тавьдаг.
Luke MonKJV 8:17  Учир нь юу ч илрүүлэгдэхээргүй нууц биш. Мөн мэдэгдэхээргүй бас ил гаргагдахааргүй нуусан юу ч байхгүй.
Luke MonKJV 8:18  Тийм учраас хэрхэн сонсож буйгаа анхаар. Учир нь хэнд байна түүнд өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, байгаа мэт санагдаж байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.
Luke MonKJV 8:19  Тэгэхэд эх болон дүү нар нь түүн рүү ирсэн боловч шахцалдсан олноос болоод түүн рүү очиж чадсангүй.
Luke MonKJV 8:20  Тэгтэл нэг хүн түүнд, Таны эх болон таны дүү нар тантай уулзахыг хүсэн гадаа зогсож байна гэлээ.
Luke MonKJV 8:21  Харин тэр хариулж тэдэнд, Миний эх болон миний дүү нар бол Шүтээний үгийг сонсдог бас үүнийг үйлддэг ийм хүмүүс юм гэв.
Luke MonKJV 8:22  Эдүгээ нэгэн өдөр ийм явдал болжээ. Тэгээд тэрбээр шавь нарынхаа хамт завинд орлоо. Улмаар тэр тэдэнд, Нуурын нөгөө тал руу гаталцгаая гэхэд тэд хөдлөв.
Luke MonKJV 8:23  Харин тэд завиар хөвөх зуур тэр унтжээ. Тэгэхэд нууран дээр салхин шуурга бууж ирсэн бөгөөд тэд усанд автагдаж, аюулд оров.
Luke MonKJV 8:24  Тэгээд тэд түүн рүү очиж, түүнийг сэрээгээд, Багш аа, багш аа, бид сүйрч байна гэлээ. Тэгтэл тэр босож, салхи болон усны давалгааг зандрахад тэдгээр нь зогсож улмаар тогтуун болжээ.
Luke MonKJV 8:25  Тэгэхэд тэр тэдэнд, Та нарын итгэл хаана байна вэ? гэв. Гэтэл айж эмээн, гайхсан тэд нэг нэгэндээ, Энэ чинь ямар гээч хүн бэ! Учир нь тэрбээр салхи болон усанд хүртэл тушаахад тэд түүнд дуулгавартай байх юм гэлээ.
Luke MonKJV 8:26  Улмаар тэд Галийлийн эсрэг талд байдаг Гадариноосын нутагт иржээ.
Luke MonKJV 8:27  Тэгээд тэрбээр газар дээр гарахад хотоос гарч буй нэгэн эр түүнтэй тааралдав. Тэр удаан хугацааны турш чөтгөрүүдэд эзэмдүүлсэн бас ямар ч хувцас өмсдөггүй мөн гэрт биш, харин булшны хөшөөнүүд дунд орогнодог байжээ.
Luke MonKJV 8:28  Тэгээд тэрбээр Есүсийг хараад хашгиран, түүний өмнө унаж чанга дуугаар, Хамгийн дээд Шүтээний Хүү Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ? Намайг тарчлаахгүй байхыг би танаас хичээнгүйлэн гуйж байна гэв.
Luke MonKJV 8:29  (Учир нь тэрбээр бузар сүнсэнд мөнөөх хүнээс гарахыг тушаасан ажээ. Яагаад гэвэл энэ нь түүнийг байнга эзэмддэг байсан бөгөөд мөнөөх эр гинж болон дөнгөөр дөнгөлөгдөж мануулдаг байв. Гэвч тэрбээр хүлээсүүдийг эвдээд, цөл рүү чөтгөрөөр хөтлөгддөг байжээ.)
Luke MonKJV 8:30  Тэгээд Есүс түүнээс, Нэр чинь хэн бэ? гэж асуув. Тэгэхэд тэр, Легеон гэв. Яагаад гэвэл олон чөтгөр түүний дотор орсон байжээ.
Luke MonKJV 8:31  Тэгтэл тэд түүнээс өөрсдийг нь ёроолгүй гүн рүү яв гэж тушаахгүй байхыг хичээнгүйлэн гуйлаа.
Luke MonKJV 8:32  Тэгэхэд тэнд олон гахайтай сүрэг уулан дээр бэлчиж байв. Тэгээд тэдэн рүү орохыг өөрсдөдөө зөвшөөрөхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Тэгэхэд нь тэр тэдэнд зөвшөөрөв.
Luke MonKJV 8:33  Улмаар чөтгөрүүд мөнөөх хүнээс гарч, гахай руу орлоо. Тэгтэл сүрэг эгц уруу газраар доош нуур луу ухасхийж улмаар живж үхжээ.
Luke MonKJV 8:34  Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс юу болсныг хараад зугтан оджээ. Улмаар үүнийг хотод бас хөдөөд ярилаа.
Luke MonKJV 8:35  Тэгтэл хүмүүс болсон явдлыг харахаар очив. Тэгээд Есүс дээр ирээд, мөнөөх эрийг чөтгөрүүд дотроос нь зайлуулагдчихсан, хувцаслачихсан, эрүүл саруул, Есүсийн хөлд сууж байхыг олж харав. Тэгээд тэд айжээ.
Luke MonKJV 8:36  Ийнхүү үүнийг харсан тэд ч бас чөтгөрүүдэд эзэмдүүлж байсан хүн хэрхэн эдгээгдсэнийг хүмүүст хэллээ.
Luke MonKJV 8:37  Тиймээс Гадариноосын эргэн тойрны нутгаас цугласан олон бүгд өөрсдөөсөө холдохыг түүнээс хичээнгүйлэнгуйжээ. Учир нь тэд маш их айдаст автсан байлаа. Иймд тэрбээр завинд суугаад буцав.
Luke MonKJV 8:38  Эдүгээ чөтгөрүүд дотроос нь зайлуулагдсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс хичээнгүйлэн гуйлаа. Харин Есүс,
Luke MonKJV 8:39  Гэр лүүгээ буц. Тэгээд Шүтээн чамд ямар агуу зүйлс хийснийг ярь гээд түүнийг явуулав. Тэгэхэд тэр явж, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг хот даяар бүхэлд нь тунхаглалаа.
Luke MonKJV 8:40  Тэгээд ийм явдал болжээ. Есүсийг буцаж ирэхэд хүмүүс түүнийг баяртайгаар хүлээн авлаа. Учир нь бүгд түүнийг хүлээж байсан юм.
Luke MonKJV 8:41  Тэгтэл ажигтун, Иаеир гэдэг нэгэн эр ирсэн бөгөөд тэрбээр синагогийн удирдагч байв. Тэгээд тэрбээр Есүсийн хөлд унаад, өөрийнхөө гэрт очихыг түүнээс хичээнгүйлэн гуйв.
Luke MonKJV 8:42  Учир нь тэр арван хоёр орчим настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт хэвтэж байжээ. Харин түүнийг явах зуур хүмүүс бүчин шахав.
Luke MonKJV 8:43  Тэгэхэд арван хоёр жил цус алдалттай байсан, эмч нарт бүх амин зуулгаа үрсэн ч, хэнээр нь ч эдгээлгэж чадаагүй нэгэн эмэгтэй
Luke MonKJV 8:44  түүний ард очоод, хувцасных нь хормойд хүрчээ. Тэгтэл тэр даруй түүний цус алдалт зогслоо.
Luke MonKJV 8:45  Тэгэхэд Есүс, Хэн надад хүрсэн бэ? гэв. Харин бүгд үгүйсгэхэд Пээтрос болон түүнтэй хамт байсан хүмүүс, Багш аа, цугласан олон таныг бүчиж бас шахаж байна. Гэтэл та, Хэн надад хүрсэн бэ? гэх юм гэлээ.
Luke MonKJV 8:46  Тэгэхэд нь Есүс, Хэн нэгэн надад хүрсэн. Учир нь надаас хүч чадал гарсныг би мэдэж байна гэв.
Luke MonKJV 8:47  Тэгтэл эмэгтэй нууцлагдаагүйгээ мэдээд, айн чичирсээр ирж, түүний өмнө унаад, ямар шалтгааны учраас түүнд хүрснээ мөн хэрхэн тэр даруй эдгээгдсэнээ бүх хүний өмнө түүнд ярилаа.
Luke MonKJV 8:48  Тэгэхэд нь тэр түүнд, Охин минь, урам зоригтой бай. Итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван дотор яв даа гэв.
Luke MonKJV 8:49  Түүнийг ярьж байх зуур мөнөөх синагогийн удирдагчийнхаас нэг хүн ирээд түүнд, Охин чинь нас барчихлаа. Багшид бүү төвөг уд гэлээ.
Luke MonKJV 8:50  Тэгтэл Есүс сонсоод хариулж түүнд, Бүү ай. Зөвхөн итгэ. Тэгээд тэр эдгээгдэнэ гэв.
Luke MonKJV 8:51  Улмаар тэрбээр гэрт нь орохдоо Пээтрос, Иакоов, Иоаннис болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.
Luke MonKJV 8:52  Тэгэхэд бүгд цурхиран уйлж, түүний төлөө гашуудаж байлаа. Тэгтэл тэр, Бүү уйл. Тэр үхээгүй харин унтаж байна гэв.
Luke MonKJV 8:53  Гэтэл тэр үхсэн гэдгийг мэдэж байсан тэд түүнийг шоолон инээлдлээ.
Luke MonKJV 8:54  Тэгээд тэрбээр бүгдийг гаргаад, түүнийг гараас нь барьж, Охин минь, бос гэж дуудав.
Luke MonKJV 8:55  Тэгтэл сүнс нь эргэж ирэн улмаар тэр шууд бослоо. Тэгэхэд нь түүнд хоол өгөхийг тэр тушаалаа.
Luke MonKJV 8:56  Тэгэхэд түүний эцэг эх алмайран гайхав. Харин тэр юу болсныг хэнд ч ярихгүй байхыг тэдэнд тушаажээ.